Мэргэжил сонголт чухал уу?

Мэргэжлээ буруу сонгох нь амьдралдаа бүтэлгүйтэх, сэтгэл ханамжгүй байх мэдрэмжийг хүнд  төрүүлэх нь  бий. Хэрэв та ажил мэргэжилдээ ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт, мөнгөө зарцуулсаар байхад  эцсийн дүндээ сэтгэл ханамж, амжилт авчрахгүй бол энэ нь таны урмыг хугалах байх. Гэсэн хэдий ч бүтэлгүйтэл нь суралцах үйл явцын жам ёсны нэг хэсэг бөгөөд өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг санах нь чухал юм.Энэ нийтлэлээр бид мэргэжлээ буруу сонгосноос үүсэх үр дагавар, хүмүүс яагаад ийм алдаа гаргадаг нийтлэг шалтгаан, бүтэлгүйтлийн мэдрэмжийг даван туулж, амьдралдаа сэтгэл ханамжийг олох талаарх товчхон дурдах болно.
Мэргэжилээ буруу сонгосноос үүсэх үр дагавар
Нэн түрүүнд мэргэжлээ буруу сонгож их дээд сургуульд орлоо гэхэд өөрийн хүсэл сонирхлын дагуу биш учир ихэнх хүүхдүүд шантрах, хичээлээ хийх сонирхолгүй байх, өөр зүйлд цаг заваа зарцуулах, сургалтын төлбөрөө төлсөн атал хий дэмий цаг хугацаа алдах зэрэг асуудлууд гарч болно. Хичээгээд шүд зуугаад сургуулиа төгсөөд ажилд орлоо гэж бодоход өөрийн хүсээгүй, өөрийг нь яг бүрэн дүүрэн илэрхийлж харуулж чадахгүй мэргэжлээр ажилд орно.
Энэ нь бүтэлгүйтэж, урам хугарах, ажлаасаа хөндийрөх , ажлаасаа таашаал сэтгэл ханамж авахгүй, эсвэл үүрэг хариуцлагаа биелүүлэх хүсэл эрмэлзэлгүй байдалд хүрдэг.Ингэснээр ажлын гүйцэтгэл муу, албан тушаал ахихгүй, бүр ажлын байраа алдахад ч хүрнэ.
Цаашилбал, буруу мэргэжлийг сонгох нь таны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ажлынхаа утга учир, зорилгоо олох гэж тэмцэж байх үед стресс, түгшүүр, сэтгэлийн хямралд ч ордог. Улмаар таны хувийн амьдралд нэвтэрч, гэр бүлийн харилцаа хурцдах, найз нөхөд, нийгэмд эзлэх байр суурь ч ганхаж эхэлдэг. Тэгээд өөрийгөө бүтэлгүй хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлж хямралын байдалд ч хүргэж болох юм.
Мэргэжлээ буруу сонгох  нийтлэг шалтгаанууд
Нийгэм эсвэл гэр бүлийн хүлээлтийг дагадаг : Олон хүмүүс гэр бүл эсвэл найз нөхөд нийгмийнхээ хүлээлт дээр үндэслэн карьераа сонгодог.
Өөрийгөө ухамсарлах чадвар дутмаг : Зарим хүмүүс өөрийнхөө талаар  хангалттай сайн мэддэггүй байх явдал. Тэд өөрсдийн давуу тал, сул тал, сонирхол, үнэт зүйлсийн талаар тодорхой ойлголтгүй байж болно.
Мэргэжил сонголтын талаар мэдээлэл, зөвлөгөө дутмаг : Зарим улс орны нийгэм, эдийн засгийн байдал, газарзүйн байршил болон бусад хүчин зүйлээс шалтгаалан боловсрол, ажил мэргэжлийн талаарх зөвлөгөө авч чадахгүй мэдээлэл дутмаг байдалтай мэргэжил сонголтын өмнө нүүр тулдаг. Энэ нь буруу мэргэжил сонгох магадлалыг улам бүр л ихэсгэх болно.
Бүтэлгүйтлийн мэдрэмжийг даван туулах, шинэ карьераа олох стратегиуд
Нэгэнт буруу мэргэжил сонгоод дуртай дургүй нэг юм ажлаа хийсээр яваа бол яах вэ? Хэрэв та өөрийнхөө сонирхол эсвэл давуу талтайгаа тохирохгүй мэргэжил сонгосон байна, энэ бол миний явах зам биш гэдгийг олж мэдвэл бүтэлгүйтлийн мэдрэмжийг даван туулж, амьдралдаа сэтгэл ханамжтай байдлыг олж авахын тулд ашиглаж болох хэд хэдэн стратеги санал болгоё. Хүсэл тэмүүлэл, давуу талаа тодорхойл: Өөрийн сонирхол, үнэт зүйл, давуу талуудын талаар эргэцүүлэн бодох цаг гарга. Энэ нь таны хувийн зорилго, чадварт нийцэх шинэ ажил мэргэжлийн замыг тодорхойлоход тусална.
Зөвлөгөө өгөх мэргэжлийн хүмүүст хандах: Ажил мэргэжлийн янз бүрийн хувилбаруудыг судлахдаа заавар, дэмжлэг үзүүлж чадах ажил мэргэжлийн зөвлөх эсвэл зөвлөгчтэй ярилц.
Нэмэлт боловсрол, сургалтад хамрагдах : Шинэ салбарт шилжихэд тань туслах шинэ ур чадвар, мэдлэгийг олж авахын тулд сургалт дамжаа хувь хүнтэй холбогд.Гүүгл, юүтүб ух.
Салбарынхаа мэргэжилтнүүдтэй холбоо тогтоох : Өөрийнхөө сонирхсон салбарын мэргэжилтнүүдтэй холбоо барьж, ярилцах зөвлөгөө авах боломжуудыг хайх. Энэ нь тухайн мэргэжлээр ажиллахад юу хэрэгтэй ямар ямар зүйлстэй нүүр тулах талаар урьдчилан мэдэж авах боломжтой.
Нээлттэй сэтгэлгээтэй, эрсдэл хүлээхэд бэлэн бай: Урт удаан хугацаанд хийж дадсан  мэргэжлээ өөрчлөх нь аймшигтай боловч эцэст нь та өөрийн хүсэл сонирхлын дагуух ажлаа үлдсэн амьдралынхаа турш хийх гайхалтай үр өгөөжтэй гэдгийг санаарай. Эрсдэлтэй нүүр тулахаас бүү ай, шинэ зүйлийг туршиж үзээрэй.
Эцэст нь хэлэхэд мэргэжлээ буруу сонгох нь амьдралдаа бүтэлгүйтэх, сэтгэл ханамжгүй байх мэдрэмжийг төрүүлдэг ч энэ нь та энэ хэвээрээ үлдэх ёстой болсон гэсэн үг огтхон ч биш юм шүү. Таныг бусдаас илүү тодруулж, товойлгох жинхэнэ мэргэжлээ олох хүртлээ шаргуу эрэл хайгуул хийсээр байгаарай…